Танилцуулга

Түүхэн замнал
Тус сургууль нь Дорноговь аймагт барилгын болон хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилчид бэлтгэх хэрэгцээ шаардлагад үндэслэн Дорноговь аймгийн АДХГЗ-ны 1986 оны 10-р сарын 30-ны өдрийн 100 тоот тогтоолоор Улаанбаатар хотын Барилгын Техник Мэргэжлийн I сургуулийн салбар болон байгуулагдсан бөгөөд салбар сургуулийн анхны эрхлэгчээр Ж.Самданшарав, Багшаар З.Нацаг, Цогтбадрах нар ажиллаж байсан түүхтэй юм.
Төлөвлөгөөт Эдийн Засгийн Улсын Хорооны 1989 оны 9 сарын 20-ны тогтоол, Ардын Боловсролын Яамны сайдын 1989 оны 07 сарын 15-ны 189 тоот тушаалаар тус салбар сургууль нь Барилга, ХАА-н биеэ даасан ТМС болон зохион байгуулагдаж захирлаар П.Батцэрэн томилогдсон бөгөөд улмаар тус сургууль нь 1992 онд БСШУЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болсон ба 2012 оноос хойш Хөдөлмөрийн яаманд харьяалагдах болсон юм.
Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд барилга, ХАА-н 20-иод мэргэжлээр 800 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн ба 1992 оноос МСҮТ болсоноор 14 төрлийн мэргэжлээр 2900 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Хүнд машин механизмын засварчин, Хүнд машин механизмын операторчин, Оёдолчин, Барилгын өрөг угсрагч, Барилгын засал чимэглэлч, Гар урлал, Барилгын цахилгаанчин, Гагнуурчин, Тогооч, зэрэг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна.
Тус сургуулийн захирлаар 1997-2012 онд Л.Дэлгэрбат, 2012-2015 онд Б.Угтахбаяр нар ажиллаж байсан ба 2015 оноос Б.Адилбиш ажиллаж байна.